Main » 2011 » January » 2 » Онц ноцтой хэргүүд олон нийтэд сургамж дагуулаасай
2:03 AM
Онц ноцтой хэргүүд олон нийтэд сургамж дагуулаасай
Өнгөрөн одож буй 2010 он Монгол Улсын эрүүгийн хэргийн түүхэнд хар толбо үлдээсэн, гашуун сургамж дагуулсан жил болон үлдэх нь гарцаагүй. Эрдэнэт хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, нэг суурин дээр бөөнөөр нь хоморголон булшилсан онц ноцтой гэмт хэрэг гарсан юм. Оны эцэст хүмүүн төрөлхтөн хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, алдаа оноогоо шүүж, ирэх онд илүү ихийг цогцлоох итгэл сэтгэлээр дүүрэн шинэ оноо угтдаг. Харин эрүүгийн гэмт хэргийг ахин нэг сануулах нь хар хэргүүдээс сургамж авч, ийм аймшиг дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс сэрэмжлүүлэх гэсэн юм. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан найман настай охин хэдхэн минутын дараа дунд зэргийн цүнхэнд мөчлөгдөж хийснээр олдсон. Тэр даруй онц байдал зарлаж, алуурчныг эрэн хайсан ч олдолгүй байсаар 20 гаруй хоногийн дараа сэжигтэн Н.Мөнх-Оргилыг баривчилсан. Түүнийг 8-12 насны гурван охиныг хүчирхийлсэн хэргээр дээрх хүн амины хэрэгт нь нэмэгдүүлэн ялласан юм. Үрийн шингэн, ДНК-ийн шинжилгээ, цогцсыг хийсэн цүнх, гарын хээгээр нь хэрэгтнийг яллагдагчаар татсан. Олон нийтийг цочроосон дээрх хэргийн улмаас түгшүүртэй өдрүүд үргэлжилсээр, өнгөрсөн арваннзтдүгээр сард хэрэгт-нийг шүүхийн танхимд суулгалаа. Гэвч хүний өөдөөс эгцлэн харах эрхгүй Н.Мөнх-Оргилын бардам царай, инээвхийлсэн дүр төрх хүмүүсийг дахин балмагдуулж билээ. Түүнийг эхнэр нь гэгдэх эмэгтэй, төрүүлсэн эх нь өмгөөлж олон нийтийн зэвүүцлийг хүргэж байсан. Оны   сүүлчээр   Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт Баярмаа гэдэг эмэгтэйн гэрт байсан есөн хүний наймыг нь хутгалж, хөнөөгөөд, гэрт нь гал тавьж хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарсан. Хохирогчдын  дунд  6-7  насны хоёр, 14-16 насны гурван хүүхэд байжээ. Хэргийн ул мөрөөр эрэн сурвалжилсны үр дүнд амь насаа алдсан есөн хүнээс нэг хүний  цогцос хутганы  шарх аваагүйг тогтоосон нь хэрэгтэн Шажинмөнх байсан. Тэрбээр бусдыг хутгалж хөнөөгөөд дараа нь гал тавьж, амиа хорлосон аж. Энэ хэргээс талийгаач эмэгтэй олон эрчүүдтэй хамтран амьдарч, архидалт, гэр бүлийн замбараагүй байдалд автсан нь олон хүний амь насыг хохирооход хүргэсэн аж. Түүний ээлжит нөхөр байсан эр хүүхдүүд, найз нөхөдтэй нь хүйс тэмтэрсэн юм. Сэлэнгийн галдан шатаагч баригдалгүй сар гаруйн хугацаа өнгөрсөн. Цагдаагийн ерөнхий газар Сэлэнгэ аймагт онц байдал зарлаж,хэрэгтнийг эрж хайсаар байлаа. Гэтэл уг хэргийн эзэд нь 13-15 насны хүүхдүүд байсан. Тэд 11 иргэний автомашин, өвөлжөө, байшин, гарааш зэрэг өмч хөрөнгийг галдан шатаажээ. Жэки Чаны тоглосон "Цагдаагийн түүх” киноны үйл явдлыг дуурайж, бусдын эд хөрөнгөд халдаж түйвээсэн эдгээр хүүхдүүдийн хэргийн цаана эцэг эхийн хүүхдэд олгож буй хүмүүжил, хараа хяналт, хүүхдийн ухамсар, сургуулийн орчин гээд олон хүчин зүйлийг ярих хэрэгтэй. Бидний хойч үеийн ёс суртахуун хэрхэн бохирдож буйн жишээ энэ юм. Уг хэрэг олон хүнд сургамж болох нь дамжиггүй. Дээрх гэмт хэргүүдээс гадна УБТЗ-ийн галт тэргэнд ах дүү хоёр дайруулж нэг хүүхэд амь насаа алдаж, нөгөө нь тахир дутуу болсон эмгэнэлт явдал, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 19 настай залуу хоёр хүнийг хөнөөж, нэгийг хүнд бэртээсэн хэрэг, хилийн цэргийн офицер, байлдагч нар амиа егүүтгэсэн зэрэг ноцтой гэмт хэргүүд гарсан.

М.Мөнхцэцэг

"Нийгмийн толь”


Category: Mэдээ мэдээлэл | Views: 475 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]