Main » 2011 » January » 2 » Бейл Гейтсийн Монгол ухаан
2:39 AM
Бейл Гейтсийн Монгол ухаан


” Чиний тусын тулд эх орон юу хийхийг бүү хүлээ. Харин эх орныхоо төлөө юу хийж чадахаа өөрөөсөө асуу” гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Жонн Кеннеди нэгэнтээ өгүүлжээ. Энэ үг Монголоор овоглосон хүмүүст ч хамаатай. Дэлхийн тэргүүлэх компаниудын нэг MICROSOFT-ынхон монголчуудтай хамтран ажиллахаар болсон. Тэнд ажиллаж буй монгол залуус эх орныхоо төлөө юу хийж чадахыг одоо л харах үлдэв. Тус корпорацийг үндэслэгч, тэрбумтан Билл Гейтсийн хараанд өртөж, мэдлэг, чадвараараа бишрүүлсэн залуусын нэг бол Чадраагийн Баттөгс. Энэ залууг "Билл Гейтсийн монгол ухаан” хэмээн онцолмоор санагдлаа. Түүнтэй өөд өөдөөсөө харж суугаад биш, цахим орчинд ярилцсан юм.
Бидний урилгыг хүлээн авсанд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Харь оронд амьдарч буй жирийн нэгэн Монгол иргэн өнөөдрийг хэрхэн угтав?
-Баярлалаа. Хөх тэнгэрийн орноор алсыг зорьж яваа танай сэтгүүлийн уншигчдад халуун мэнд хүргэе. Би энэ өдрийг жирийн л өдрүүдийн адил өөдрөг, зорьсон зорилго бүхэн минь биелэх сайхан өдөр болох болов уу гэсэн сэтгэгдэлтэйгээр угтаж байна.
Алдарт MICROSOFT корпорацид тантай хамт таван Монгол залуу ажилладаг гэж сонссон юм байна. Тэр азтай залуустай эхэлж танилцмаар байна?
-Бололгүй яах вэ. Би тус корпорацид олон жил ганцаараа ажилласан. Одоо л олуулаа болж сайхан байна. Монголоос 9 залуу ажиллаж байгаа. MICROSOFT-ын 25 жилийн /1975-2000 он/ ойг тохиолдуулан Билл Гейтс мэндчилгээ дэвшүүлэхдээ корпорациа үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийн нэрс дотор миний нэрийг дурьдсанд маш их баярласан.

WINDOWS багт Жаргалсайханы Батсайхан, Visual studio Visual C багт Лувсанбатын Бат-Өлзий, Microsoft oficce багт Өлзийдэлгэр, Худалдааны удирдлагын багт Туяа, Microsoft мэдээллийн технологийн багт Пүрэврагчаагийн Баттулга, Microsoft oficce live багт Зандраасүрэнгийн Оюун, Мicrosoft хамгаалалтын багт Цэрэндаваагийн Ариунтулга, мөн Хятадын Шанхай хот дахь Microsoft-ын төвд Жанчивдоржийн Эрдэнэбилэгт ажилладаг.
Ноён Билл Гейтст тоогдоно гэдэг хэн хүнд тохиохгүй завшаан. Дэлхийд алдартай корпорацийн босгыг анх давсан мөчөө дурсана уу?

-Би 1998 онд АНУ-ын Хавайн их сургуулийг төгсч, MICROSOFT корпорацид ажиллахын тулд хэд хэдэн шалгалт өгсөн. Хүссэн ажилдаа орох гэж маш их хичээл зүтгэл гаргасны эцэст шалгалтандаа тэнцэж, тус корпорацид ажиллах болсон юм. Гэвч их сургуульд сурснаас илүү ихийг сурах сорилт надад тулгарсан л даа. Сурч, мэдэх шаардлагатай зүйл асар их байсан.

Тийм гэж үү, MICROSOFT-д ажиллахад ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?

-Корпорацийн ажилтнуудтай харилцах харилцаа, программууд болон бусад бүтээгдэхүүнийг хэрхэн хийх ёстой вэ, энэ бүхэнд л суралцах шаардлагатай байдаг. Тэр тусмаа миний хийж байсан ажил шинэ тутам байлаа. Би нэр хүндтэй корпорацийн ажилтан болохын тулд алхам бүртээ л томоохон сорилтуудыг давсан. Мэдээж хэрэг, амжилтад хүрч, өөрөө өөрийгөө дайчлахын тулд шүү дээ. МICROSOFT-ын шалгуурыг давахын тулд хүн бүр цагийг маш нарийн баримталдаг, бусадтайгаа эв найртай байх ёстой. Надад хамт ажилладаг нөхөд маань их тус болсон шүү.


Танай корпораци хэчнээн ажилтантай вэ, Ази гаралтай хүн олон бий юу?

-Өнөөдрийн байдлаар 78 мянга гаруй ажилтантай. Тэднээс 35 мянга гаруй нь МICROSOFT-ын төв кампус буюу Сиэтл хотын ойролцоо ажилладаг. Манайд Ази гаралтай хүн олон бий.

NВА-иин тоглолтуудыг байнга үздэг үү?

-Хааяа л нэг үздэг. Гэхдээ миний хувьд хамгийн сонирхолтой тэмцээн бол NEL америк хөлбөмбөг болоод байгаа. Энэхүү спортын тухай зарим хүн огт дуулаагүи ч байж магадгүй. Тамирчид нь гараас гарт бөмбөгийг шилжүүлж тоглодог нэлээд ширүүн өрсөлдөөнтэй тоглоом. NEL бол NВА л гэсэн үг. Олон америк хүн энэхүү хөлбөмбөгийн тэмцээнийг үзэх дуртай. Үзээд байвал үнэхээр сонирхол татах спортын төрөл л дөө. Америкчуудын нээсэн төрөл гэж ойлгоход нэг их дэгсдэхгүй байх аа. Английн регбигээс гаралтай гэж ярьдаг. Америк хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 1933 онд одоогийн системээр явуулж эхэлсэн гэсэн. Хожим нь 1970-аад оны үед мэргэжлийн лигүүд нэгдэж, NEL-ийг үүсгэсэн гэнэ лээ.

Сонирхолтой мэдээлэл өгсөндбаярлалаа. Нууц биш бол танай корпорацийнхан шинэ зууныханд ямар программ хангамжаар бэлэг барих гэж байна вэ?

-Манай корпораци олон зуун программ бүтээдэг учраас аль нь WINDOWS шиг алдартай программ болохыг тааж хэлэхэд хэцүү. Сүүлийн үед Server, Tools болон жижиг, дунд ба хувийн хэвшлийн бизнес маркетингад түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Эдгээрийн тоонд Ofiice system, SQL server, Visual studio, Windows server гэх мэтчилэн олны сайн мэдэх программууд багтдаг.

Билл Гейтстэй хамгийн сүүлд хэзээ нүүр тулан уулзсан бэ?

-Билл Гейтстэй уулзах боломж тэр бүр гардаггүй. Тийм шаардлага ч байдаггүй. Харин Билл Гейтс байгууллага дээрээ хааяа ирж, хурал, цуглаанд оролцон ажилтнуудтайгаа уулздаг.

Ингэхэд эх орондоо хэзээ бүр мөсөн ирэх вэ?Монголдоо өөрийн гэсэн компани байгуулж, бизнесийн ертөнцөд цахиур хагалах юмсан гэх тэмүүлэл Танд байдаг биз дээ?

-Эх орноо гэсэн бодол, тэмүүлэл цаг үргэлжид төрдөг. Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг үнэхээр хүсч байна. Боломж бүрдсэн тохиолдолд Монголд тохирох зарим программыг нэвтрүүлэх бодолтой байна.

Дэлхий нийтийн хэрэглээ болсон ямар программууд дээр
ажилласан бэ?

-Windows 98 second edetion, Windows XP, Visual studio team system зэрэг программуд дээр ажиллаж байсан.

Үнэтэй цагаа хугаслан байж бидний асуултад хариулсанд баярлалаа. Танд болон танай хамт олон, гэр бүлд өөдрөг бүхнийг хүсэн ерөөе!

("Хөөрөх цэг” сэтгүүлээс товчлон авлаа)
Category: Mэдээ мэдээлэл | Views: 487 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]